МУБИС-ИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Үүсэл хөгжил

МУБИС-ийн харьяа ЕБС нь Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн МУБИС-ийн МУБИС-ийн удирдах зөвлөлийн 2014 оны 5 сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоол, МУБИС-ийн захирлын 2014 оны 10 сарын 15-ны өдрийн А/162 тушаалын дагуу МУБИС-ийн харьяа сургуулийн тусгай зөвшөөрөл олгох хүсэлтэд үндэслэн БСШУЯ-ны сайдын 2015 оны 6 сарын 3-ны өдрийн А/205 сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө  авч, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас “МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий Боловсролын Сургууль” нэрээр анх үүсгэн байгуулагдсан.

Манай сургууль нь анх МУБИС-ийн 3-р байр болох Математик, Байгалийн ухааны салбар сургуулийн харьяанд захирал Д.Цэцэгээ, нарийн бичиг Б.Буянжаргал, сургалтын менежер Г.Оюунчимэг, багш Д.Ариунжаргал, П.Золжаргал, М.Баттунгалаг, А.Насанжаргал, А.Санчирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2014-2015 оны хичээлийн жилд математик, байгалийн ухаан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургууль нэрээр анхны элсэлтээ авч, 10 болон 12-р ангийн нийт 20 сурагчтайгаар сургалтаа эхлүүлсэн бол өдгөө 78 багш ажилтан, 817 сурагчтай болж жилээс жилд өргөжин тэлсээр байна.

Багш боловсон хүчний хувьд 50.2% нь эрдмийн болон мэргэжлийн зэрэгтэй бөгөөд профессор-1, доктор-2, магистр-32, зөвлөх-2, тэргүүлэх-22, заах аргач-10, Канадын Конкордиа их сургуулийн TESOL зэрэгтэй багш -3, ОУХМ-1, МУСМ-1 багш ажиллаж байгаа төдийгүй Монгол улсдаа профессор захиралтай цорын ганц ЕБС гэдгээрээ онцлог билээ.

Мөн багш нарынхаа хөгжил, заах арга ур чадварт анхаарч өнөөгийн байдлаар  докторантурт-7, магистрантурт-11 багшийг  МУБИС-ийнхаа төлбөрийн хөнгөлөлтөд хамруулан сургаж байна.

Сургалтын зорилго чиглэл, хамтын үйл ажиллагаа

МУБИС-ийн харьяа ЕБС нь байгуулагдсан цагаасаа байгалийн ухаан, гадаад хэлний хичээлийг гүнзгийрүүлсэн болон нэмэлт цагаар үзэж, сурагчдын сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бие даах чадварыг эзэмшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Манай салбар сургууль нь сургалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор 2019-2020 оны хичээлийн жилд шинэ өргөтгөл барилгыг ашиглалтад оруулж, сургуулийнхаа хуучин байрыг бүрэн засварлан, 3 давхар байсныг 4 давхар болгон өргөтгөсөн нь сургалт явуулах тохиолог орчин бүрдсэн билээ. Боловсролын стандартад нийцсэн номын сан, спорт заал, фитнесс, гадаад хэлний иж бүрэн SMART анги, бага боловсролын STEM сургалтын анги, хими, биологи, физик, монгол хэл, дуу хөгжим, дизайн технологи, шатрын клуб, ёс зүйн иж бүрэн тохижуулсан кабинетуудтайгаас гадна сурагчдынхаа авьяасыг нээн хөгжүүлэх 18 төрлийн дугуйлан хичээллэж байна.

2019-2020 оны хичээлийн жилд дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас танхимын сургалтыг зогсооход манай хамт олон “facebook live” онлайн хичээлийг санаачлан зохион байгуулсныг дүүрэг нийслэлийн боловсролын газруудаас онцгойлон сайшаасан билээ.

2020-2021 оны хичээлийн жилд онлайн хичээлээ улам чанаржуулж, “office 365”, “номч” “UBT” зэрэг шилдэг программуудыг сургалтдаа ашиглаж,  сургалтын шинэлэг арга зүйг хэрэгжүүлж байгааг боловсролын байгууллагууд өндрөөр үнэлж байна.

2020 онд үндэсний хэмжээнд заах бага ангийн теле хичээлийн зохион байгуулалтыг манай сургууль бүрэн хариуцаж орчин нөхцөлөөр хангасныг БШУЯ сайшааж шилдэг 4 цахим сургуулийн нэгээр шалгаруулаад байна. Мөн үндэсний хэмжээнд теле хичээл заахад багш Д.Амгалан, С.Анхзаяа,  Б.Ариунзандан, Г.Балжмаа, Д.Гантөмөр, Ж.Гүррагчаа, О.Хүрэлбаатар, Т.Отгон-Эрдэнэ нар оролцлоо.

Манай багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон бүтээл хэвлэн нийтлүүлээд байна. Тухайлбал  Багш Д.Амгалан “ЕБС-ийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6-р ангид судлах бодлого, дасгал эмхэтгэл”, П.Нямхорлоо “Математикийн хичээлээр сэтгэлгээ хөгжүүлэх технологи”, С.Хэрлэн “Хүүхдийн өөрөө удирдах клуб ажиллуулах арга туршлага” П.Болорцэцэг “Дугуйн талбайг олох” видео хичээл, Д.Цэрмаа, П.Болорцэцэг нар 1,3,4,5-р ангийн дасгал даалгавруудын эмхэтгэл, П.Нямхорлоо 1-5-р ангийн дасгал ажлын болон зуны даалгаврын багц ном зэргийг хэвлүүлсэн нь улс, нийслэлд ашиглагдаж байна.

Мөн багш М.Баттунгалаг “Азийн үлгэр дэх өнчин хүүгийн дүр, (Монгол судлалын чуулган 2016, 2017 оны дугаарт) Р.Төрбат “Элстэй давааны хадны зарим зургийн дүрслэлийн утга зүй, он цагийн асуудал” , “Монголчуудын шагайт чөмөг эрхэмлэх зан үйлийн тухайд” (“Acta Historica” 2018, 2019) зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүд нь тухайн шинжлэх ухааны салбарын хэвлэл болон сэтгүүлүүдэд хэвлэгджээ.

Гадаад харилцаа

МУБИС-БНСУ-ын Ченжү хотын Боловсролын Их Сургуулийн хамтын ажиллагааны дагуу 2016 онд “Монгол-Солонгос багш солилцоо”-гоор багш С.Хэрлэн тус сургуулийн харьяа бага сургуульд 1 сарын хугацаанд туршлага судлан хамтран ажилласан. 2016, 2019 онуудад Н.Алтанцэцэг, Г.Рэнцэнханд нар БНСУ-ын Дэжон хотын боловсролын газраас зохион байгуулсан “ITC TRAINING COURSE” сургалтад хамрагдсан байна.

“STEAM briny tech Mongolia” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 2-7-р ангийн 16 бүлгийн сурагчдад “Raz plus” англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Солонгосын Дэжан хотын боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд тохижуулсан Иж бүрэн Смарт ангитай болов. /2019.08.14/

МННХСН, МУБИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд Ц.Оюунбат, Д.Цэрмаа Японы Нагоя Их Сургуульд очиж хичээлийн харьцуулалт, судалгаа хийж туршлага судлан мэргэжил дээшлүүлсэн. Мөн П.Болорцэцэг БСШУЯ-аас Япон улсад сургалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг судлах бүрэлдэхүүнд орж ажилласан байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар 20 гаруй багш ажилтныг 2 үе шаттайгаар явуулсан. Мөн тус улсын Чан Чунь хотын Донбэйгийн багшийн их сургуульд 2019.12.25-2020.01.08 хүртэл хятад хэлний дугуйлангийн 5 сурагч 14 хоногийн сургалтад хамрагдсан байна.

Ийнхүү манай сургууль гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд багш нараа туршлага судлах, солилцуулахаар дээрх улсуудад явуулж багагүй дадлага, туршлагыг эзэмшүүлж зарим сургалтын шинэ арга технологийг туршин хэрэгжүүлсэн нь эхний үр дүнгээ өгч байгааг дурдахад таатай байна. 

Бидний амжилт

Багш сурагчдын амжилтаас тоймлон дурдвал багш Г.Балжмаа “Нийслэлийн техник технологийн XIV олимпиадын тусгай байр, МУГБ доктор,профессор Д.Шагдарын нэрэмжит математик, тоглоом, сэтгэлгээ улсын анхдугаар уралдааны СБД-ийн аварга шалгаруулах тэмцээнд 1-р байр, Нийслэлд тусгай байр, СБД-ийн “Ур чадвар”-ын уралдаанд багш Ж.Гүррагчаа амжилттай оролцож “Гутгаар байр” эзэлсэн байна.

МУБИС-ЕБС-ийн 8a ангийн сурагч Ц.Эрдэнэбаяр ахлагчтай хөвгүүд Д.Гантөмөр багшаар удирдуулан Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Марса” Монголын сансар судлалын хөгжүүлэлтийн төвтэй хамтран, ерөнхий боловсролын 12-15 насны сурагчдын дунд “Бидний бүтээл сансарт” уралдаанд тэргүүн байр, АНУ-д зохион байгуулагдсан Дэлхийн сургуулийн хөгжөөн дэмжигчдийн “World school performance cheer championships” олон улсын наадамд МУБИС-ийн харьяа Ерөнхий Боловсролын Сургууль 6а анги Ц.Есөнхулан багаараа тэргүүн байр эзэлжээ.

Манай сургуулийн сурагчид Олон улс, улсын чанартай математик, сэтгэх чадвар, спорт, урлагийн тэмцээн уралдаанаас  нийт 30 орчим медаль хүртсэн амжилттай байна.

Мөн манай сургууль нь  2019 онд Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын тэргүүний сургууль, 2019 онд Нийслэлийн тэргүүний сургууль 2020 онд Цахим теле хичээлийг хэрэгжүүлэгч тэргүүний сургуулиар тус тус шалгарч,  МУБИС үүсэн байгуулагдсаны 70 жилийнхээ ойг угтаж байна.