Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ойг тохиолдуулан Монголын хүүхдүүдээс НҮБ-ын Дүрмийг түүхэнд анх удаа үндэсний монгол бичгээр, тэр дундаа бийрээр уран бичгийг үйлдэж НҮБ-д бэлэг болгон барилаа. Түүний сацуу ойрын ирээдүйд сэргээн залахтай холбогдуулан үндэсний монгол бичгээ дотоод, гадаадад сурталчлах, дэлхийн нийтийн анхаарлын төвд бодитойгоор хүргэхийг зорьсон түүхэн үйл явдал боллоо.
Үүнд зориулан “Монгол дуу, дүрс сан”-гийн санаачилгаар Бичиг Соёл Төв, Хүмүүн Бичиг Сонин, Олон улсын Монгол Уран Бичлэгийн Холбоо хамтран зохион байгууллаа.
Бид уг аяныг хамтран зохион байгуулсан “Хүмүүн бичиг ” сонины эрхлэгч, МУСГЗ Б. Элбэгзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Та өнөөдрийн үйл ажиллагааны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Сайн байна уу. 10-р сарын 27 бол Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр. Учир нь энэ өдөр манай улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн билээ. Иймд бид “ЮНЕСКО”-д бүртгэлтэй Монгол уран бичлэг хэмээх энэ үнэт соёлоороо НҮБ-ын дүрмийг иж бүрэн Монгол ном болгож бүтээлээ. Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишрад албан ёсоор хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.
-Яагаад босоо монгол бичгээр “Дэлхийн ном” бүтээх болсон бэ?
-2013 онд монгол бичиг, уран бичлэг төрлөөр ЮНЕСКО-д яаралтай хамгаалахыг сануулсан ангиллаар бүртгэгдэж байсан. Манай улс 2025 оноос монгол бичгээ төрийн бичиг болгох төлөвтэй байгаа хэдий ч түүндээ зориулан тодорхой алхам одоогоор хийгээгүй байна. Ийм учраас төр засгийн зүгээс анхаарал хандуулаасай гэсний үүднээс аянаа зохион байгууллаа. Мөн энэхүү аянаа зохион байгуулснаар Боловсрол Шинжлэх Ухааны яам болон Соёлын Яамд сануулж байгаа гэсэн үг юм. Монгол хүүхдүүд дэлхийн номыг бүтээж байна гэдэг их үнэ цэнтэй сайхан үйл ажиллагаа билээ.
-Аянд оролцсон хүүхдүүдийн хамрах хүрээ хэр байв, хэчнээн сурагч оролцсон бэ?
-Улаанбаатар хот, 21 аймгийг төлөөлсөн 11-19 насны уран бичээч 37 сурагч хүүхэдоролцсон.
-Номын агуулгын талаар дурдвал?
-Хүүхдүүд НҮБ-ын 111 зүйл дүрмийг хуваан авч тусгай цаасан дээр бийрээр бичин үйлдсэнийг хавтаслан ном болгосон. НҮБ-д бэлэг болгон өргөн барьсан “Дэлхийн ном”-оос гадна түүнийг бүтээх үйл явцыг илэрхийлсэн сонирхолтой гэрэл зургууд, уран бичээч сурагчдын ярилцлага, сэтгэгдэл бүхий тусгай товхимолыг хэвлүүллээ.
Тус аяныг санаачлагч “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын тэргүүн Б.Баясгалан:
“Гурван саргаруй хугацааны турш үргэлжилсэн энэ түүхэн аянд зүрх сэтгэлээ зориулан гар бие оролцсон уран бичээч бүх хүүхдүүд, тэдний багш нар, аяныг амжилттай зохион байгуулахад уйгагүй хамтран ажилласан хувь хүмүүс, байгууллагууд, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгчийн газартгүн талархал илэрхийлье” хэмээв.