ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ИЛГЭЭХ СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨМЖ

ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ИЛГЭЭХ СУРГУУЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ЗӨВЛӨМЖ
Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ! Шинэ хичээлийн жил эхэлж, хүүхдүүд маань эрдэм номын аянаа үргэлжлүүлж байна. Сургуулийн орчин бол зөвхөн мэдлэг олж авдаг газар биш, хүүхэд нийгэмшиж, бусадтай харилцаж, өөрийгөө нээж, хүн болон төлөвшдөг хамгийн чухал орон зай юм. Хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдал, өөртөө итгэх итгэл болон бусдыг хүндэтгэх хандлага нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн биеэр үзүүлэх үлгэр дуурайллаас шууд эхлэлтэй байдаг. Энэ хичээлийн жилд хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй, бусдыг ойлгодог, халуун дулаан хүн болгож хүмүүжүүлэх вэ? Танд туслах сэтгэл зүйн бодит зөвлөмжүүдийг энд хуваалцаж байна.
1. БИЕЭР ҮЗҮҮЛЭХ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БА БАГШИЙГ ХҮНДЭТГЭХ ХАНДЛАГА
---Хүүхдүүд маань бидний сургаж хэлсэн үгийг гэхээсээ илүүтэй бидний өдөр тутмын үйлдэл, бусадтай харилцаж буй хандлагыг хуулбарлан суралцдаг толь юм. Учир нь хүүхэд хэлд орж, ярьж сурахаасаа ч өмнө эцэг эх, эргэн тойрныхоо хүмүүсийн царайны хувирал, биеийн хэлэмж, үйлдлийг ажиглан даган дуурайх замаар хорвоо дэлхийг танин мэдэж эхэлдэг. Тиймээс тэдний хувьд харах нь сонсохоос хавьгүй хүчтэй мэдрэмж юм.
---Зарим эцэг эхчүүд гэртээ хүүхдийнхээ хажууд сургууль, багшийн талаар сайн бодоогүй зүйлээ хэлэх эсвэл шүүмжлэх тохиолдол гардаг. Жишээ нь: "Энэ багш чинь яасан сүржигнэж олон юм шаарддаг юм, тоохгүй байж бай" гэж хэлэх нь сэтгэл зүйн хувьд маш сөрөг нөлөөтэй. Ингэж хэлснээр хүүхдийн сургуулийн орчинд итгэх итгэл суларч, багшийн шаардлагыг үнэ цэнгүй гэж харах ба улмаар хичээлдээ сонирхолгүй болж, сургуулийг аюулгүй бүс биш гэж хүлээн авдаг. Тиймээс багштай холбоотой санал гомдол байвал хүүхдийнхээ хажууд биш, багштай нь тусдаа уулзаж соёлтойгоор ярилцах нь зүйтэй. Хүүхдэдээ "Багшийн тавьж байгаа шаардлага чамд туслах гэсэн сэтгэл юм шүү, багшдаа туслаарай" гэж ойлгуулах нь хүүхдийг сургуулийн орчинд аюулгүй, сахилга баттай байхад тусална.
---Мөн бид ажил болон амьдралын стрессээ гэртээ авчирч, хүүхэд рүүгээ шалтгаангүй зандарч, хашхичих нь буруу юм. Ингэснээр хүүхэд "Бухимдсан үедээ бусад руу уурлаж, хашхичих нь хэвийн зүйл юм байна" гэсэн буруу ойлголт авч, сургууль дээрээ үе тэнгийнхэндээ уур уцаартай, догшин хандах эх үүсвэр болдог. Үүний оронд "Аав/ээж нь одоо жоохон ядарсан байна, 10 минут тайвшраад тухтай ярилцъя" гэж хэлж хэвших нь хүүхдэд стрессээ ухамсарлаж, тайван шийдвэрлэх дадлыг суулгадаг.
2. ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЖ СУРСАН ХҮҮХЭД БУСДЫГ ГАДУУРХДАГГҮЙ
---Анги танхимд гарч буй үе тэнгийнхний гадуурхалт, дээрэлхэлт нь ихэвчлэн гэрт нь үүссэн харьцуулалтаас эхтэй байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ ах дүүстэй нь эсвэл ангийнх нь хүүхэдтэй харьцуулж, "Танай ангийн тэр хүүхэд дандаа онц авч байхад чи яагаад түүн шиг хичээнгүй байж чаддаггүй юм?" гэж загнадаг. Харьцуулалт нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нуран унагаж, бусдад атаархах, өөрөөсөө илүү хүүхдийг үзэн ядах сэтгэлгээг бүрдүүлдэг. Гэртээ харьцуулагдаж өссөн хүүхэд сургууль дээрээ сул дорой нэгнийг гадуурхах эсвэл өөрөөсөө илүү нэгнийг багасгаж харах зан төлөв гаргадаг. Тиймээс "Миний хүү өчигдрийнхөөсөө илүү хичээсэн байна, өөрөө өөртэйгөө өрсөлдөх нь хамгийн чухал" гэж урамшуулах нь чухал юм.
---Мөн гэртээ бусад хүмүүсийн гадаад төрх, хувцаслалт, санхүүгийн байдлыг гоочилж ярих нь хүүхдэд ялгаатай байдлыг шүүмжлэх сэтгэлгээг суулгадаг бөгөөд энэ нь ангидаа хөгжлийн онцлогтой, дуу цөөтэй эсвэл амьдрал нь боломжгүй хүүхдүүдийг гадуурхах гол эх үүсвэр болдог. Үүний оронд өглөө сургуульд нь явуулахдаа "Өнөөдөр ангид чинь ганцаараа сууж байгаа эсвэл гунигтай байгаа хүүхэд байвал очоод 'Сайн уу, хамт суух уу?' гэж асуугаарай" гэж чиглүүлэх нь хүүхдийг гадуурхагч биш, туслагч буюу бусдыг ойлгодог сэтгэл зүрхтэй нэгэн болгон төлөвшүүлнэ.
3. ХҮҮХДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ СОНСОХ БА БАГШТАЙГАА ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ
---Хүүхэд сургуулиас ирэхэд бид ихэвчлэн "Онц авсан уу?", "Багшдаа загнуулсан уу?", "Хичээлээ сайн хийсэн үү?" гэх мэт байцаалтын шинжтэй асуулт асуудаг. Ийм асуултууд нь хүүхдийг айдаст автуулж, хамгаалалтын бүсэд нь оруулдаг тул сургууль дээр болж буй асуудал, тулгарч буй айдсаа нуух тодорхой нэгэн шалтгаан болж өгдөг байна. Үүний оронд "Өнөөдөр сургууль дээр нь сонирхолтой зүйл болсон уу?", "Сэтгэл санаа нь ямар байна?" гэж асууж, хүүхдийнхээ дотоод мэдрэмжийг сонсох нь хүүхдэд сэтгэл зүйн аюулгүй байдлыг мэдрүүлдэг.
---Хэрэв хүүхэд ямар нэгэн алдаа гаргаж эсвэл хэн нэгэнтэй муудалцсан бол хүүхдийг шууд буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийг асуудалтай нүүр тулсан үед шууд зэмлэх нь хүүхдэд би муу хүн гэсэн итгэл үнэмшил сууж, алдаагаа засах биш, улам догшин эсвэл зожиг нэгэн болж хувирдаг. Асуудалд хамтдаа эерэг байдлаар гарц хайх нь чухал юм.
Эцэст нь хэлэхэд, сургууль болон гэр бүл нэг зүгт харж, харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллаж чадвал хүүхэд хамгийн сайн хөгжиж, төлөвшдөг. Асуудал гарсан үед багшийг шууд буруутгах биш, багштай хамтран уулзаж хүүхдэдээ хэрхэн туслах талаар ярилцдаг соёл хамгаас чухал билээ.