МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 1-р ангийн сурагчдын “Уншиж, бичиж, бодож сурсны баяр” болох “ АМЖИЛТЫН БАЯР “ инээд баяслаар дүүрэн сайхан зохион байгуулагдлаа.
Энэ өдөр бяцхан сурагчид маань анхны үсгээ нүдэлж, үе холбон уншиж, үг өгүүлбэр бичиж, тоо бодож сурсан мэдлэг чадвараа эцэг эх, багш нартаа бахархалтайгаар үзүүллээ. Сургуулийн амьдралд хөл тавьсан цагаасаа хойш хичээн чармайж, өдөр бүр өсөн дэвжиж буй хүүхэд бүрийн амжилтыг тэмдэглэсэн онцгой өдөр байв.
Баярын үйл ажиллагааны хүрээнд сурагчид эцэг эхтэйгээ хамтран бүжиглэж, дурсамж дүүрэн сайхан мөчүүдийг бүтээхийн зэрэгцээ өртөөчилсөн аялал-д оролцон, хамтын ажиллагаа, идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлсэн нь үйл ажиллагааны утга учрыг улам бүр тодотголоо.
Энэхүү баяр нь зөвхөн уншиж, бичиж, бодож сурсан амжилтыг алдаршуулаад зогсохгүй гэр бүл, сургууль, багш, сурагчдын хамтын нягт холбоо, халуун дулаан уур амьсгалыг илэрхийлсэн үнэ цэнтэй өдөр боллоо.
Бяцхан шавь нартаа цаашдын сурлага, хүмүүжил, хүсэл мөрөөдлийнх нь замд улам их амжилт хүсэж, үргэлж дэмжин хамт байдаг эцэг эх, асран хамгаалагчид, багш нартаа талархал илэрхийлье.
Анхны үсэг, анхны мөр, анхны бодлогоос эхэлсэн их аялал нь ирээдүйн их амжилтын эхлэл байх болтугай.
