МУБИС-ийн харьяа ЕБС-иас орон нутагтай сурагч солилцох арга хэмжээ зохион байгуулж байна. Тус үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаатай Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 9-р ангийн 25 сурагч МУБИС-ийн харьяа ЕБС-д хүрэлцэн ирж суралцаж байгаа бол МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 9а ангийн 24 сурагч 3 багшийнхаа хамт Жаргалантын ЕБС-д очиж энэ 7 хоногийн турш сургалтын үйл ажиллагаага амжилттай үргэлжлүүлж байгаа юм. МУБИС-ийн харьяа ЕБС нь 2017 оноос эхэлж Булган аймгийн Баяннуур сум, Төв аймгийн Жаргалат сумын ЕБС-иудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нэг чухал заалт нь харилцан багш, сурагч солилцооны ажил байв. Цар тахлын улмаар хэрэгжиж чадаагүй байсан тус ажлыг ийнхүү Төв аймгийн Жаргалант сумын ЕБС-тай хамтран эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээний үеэр нийслэлд суралцдаг сурагчид маань орон нутгийн амьдрал, монгол ахуйтай танилцаж байгалийн үзэсгэлэнт газар, монгол ёс, зан заншил, мал төллөлтийн үйл ажиллагаатай танилцах бол орон нутгаас ирсэн суралцагчид маань нийслэлийн тэргүүний тус ЕБС-ийн сургалтын орчинтой танилцан, шилдэг багш нараар хичээл заалгахын зэрэгцээ хоёр ЕБС-ийн зочин сурагчид хөтөлбөрийн дагуу хичээлдээ хамрагдаж, сурагчийн дотуур байранд амьдарч хооллон бие даах, асуудлыг шийдвэрлэх зэрэг олон талт чадварт суралцаж олон найз нөхөдтэй болон сурагч насны нэгэн сайхан дурсамж үлдээх юм. Ингээд сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилт сайн сайхныг хүсье.